ICT Interviews

Wednesday, May 16, 2007

Д.Болд: Бид дэлхийн нэртэй студиудэд ашигладаг өндөр технологиудыг оруулж ирсэн

Ярилцсан С.Уянга
МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгvvл, 2007 онь № 02 (81)

Одоогоос хоёр жилийн өмнө миний бие нэгэн студид төслийн хэдэн видео хичээл хийлгэж билээ. Жижигхэн өрөөнд нэлээд өндөр хүчин чадалтай 2 компьютер, тоглуулагч, телевизор зэргийг байрлуулсан, бичлэг зураг авалтаа тэндээ хийж, мөн л тэндээ монтажилдаг бололтой байсан. Програм маань үе үе таг болж, тэр тоолонгоор компьютерээ дахин дахин асааж унтраах зэргээр нэлээд цаг алдаж байсан санагдана. Ийнхүү миний хувьд дуу бичлэгийн студийн талаар иймэрхүү л ойлголттой явах болсон. Мэдээж студи бүр ийм биш нь ойлгомжтой. Гэвч дуучин Болдын гэгдэх Б-Продакшинд хийсэн редакцийн томилолт энэ ойлголтыг минь эвдэхэд хүргэсэн юм. Тэдний T.C. electronics, Pro tools, Liquid зэрэг дэлхийн нэртэй пүүс компаниудын үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглогдсон студид хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашиглаж байв. Хамгийн сүүлийн үеийн Macintosh Power G5 гээд л.... Өнөөдөр манайд шинэ технологи, өндөр технологиудыг МХТ-ийн салбарынхан, эсвэл банкууд л гол төлөв ашигладаг гэсэн ойлголт байдаг. Гэтэл уран бүтээлчид маань тэдэнтэй эн зэрэгцэх түвшинд технологийг хэрэглэж, технологиор амьсгалж явна. Ингээд та бүхэнд дуучин Болтой хийсэн ярилцлагыг хүргэе.

Д.Болд: Техно блиц
Хэрэглэдэг компьютер: Macintosh MacBook
Хэрэглэдэг гар утас: Sony Ericsson P990i, Nokia 9200, Bang & Olufsen
Ашигладаг цахим шуудан: Yahoo, Hotmail
Хамгийн дуртай вэб: www.bproduction.mn
Хамгийн их ашигладаг програм: iTunes
Тоглох дуртай тоглоом: Midnight Club
Унших дуртай сэтгүүл: Миний компьютер
Хамгийн хайртай клип: 18 нас, 1995 оны клип


Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авсан танд баярлалаа. Сэтгүүл маань мэдээллийн технологийн сэтгүүл. Иймээс ярилцлагаа өөрийн тань компьютерийн хэрэглээнээс эхэлье гэж бодож байна. Хэзээнээс компьютертэй нөхөрлөв? Нууц биш бол ямар компьютер хэрэглэдэг вэ?
Би 1996 оноос анх компьютер хэрэглэж эхэлсэн. Хамгийн эхлээд ердөө л тоглоом тоглох гэж анх компьютер авч байсан санагдаж байна. Age of Еmpires зэрэг тоглоомуудаар тоглодог байсан. Яваандаа интернэтийг хэрэглэх болсон. Тэр үед брэнд бус, ердийн л угсарсан компьютер хэрэглэдэг байсан. Дараа нь 1999-2000 оноос эхлэн HP брэндийн компьютер ашиглах болсон. Одоо бол Macintosh Apple хэрэглэж байна. Компьютерийг интернэт, дуу, кино зураг зэрэгт ашигладаг.

Тоглоом гэснээс. Манай сэтгүүлийн уншигчдын тодорхой хувийг хүүхэд залуус эзэлдэг. Иймээс тэдний хувьд компьютерийн тоглоом маш чухал сэдвийн нэг. Та одоо компьютерийн тоглоом тоглодог уу? Тоглодог бол ямар тоглоом тоглодог вэ, хэр сайн тоглогч вэ?
Одоо ч тоглох зав байхгүй болжээ. Ер нь бол би тоглох дуртай. Гайгүй тоглогч шүү. Мэдээж хааяа боломж олдвол тоглодог. Ялангуяа аяллаар явах үед, онгоцонд тоглох зав гардаг даа.

Хамгийн сүүлд ямар тоглоом тоглов?
За даа, хамгийн сүүлд Underground, Midnight Club тоглосон юм байна. Ер нь уралдаан, тэр дундаа машины холбогдолтой болон стратегийн тоглоомуудад их дуртай даа. (С.У: Болдын машины уралдааны тоглоомуудад дуртай гэдгийг түүний ажлын ширээн дээр компьютерийнх нь дэргэд өрөөстэй байсан загварын машины цуглуулга баталж байлаа)

Танд нийтэд нээлттэй и-мэйл хаяг бий юу? Байгаа бол олон нийт, шүтэн бишрэгчид тань их захиа илгээдэг үү?
Миний мэйл хаягууд нээлттэй. Манай Б-Продакшн болон Камертоны вэб сайтууд дээр байгаа. Мэйл их ирнэ ээ. Шинэ санаа оноо авахаар, урам хайрласан, шүүмжилсэн гээд л янз бүрийн мэйл их ирнэ шүү.

И-мэйлээ өөрөө уншдаг уу?
Тэгэлгүй яах вэ? Өөрөө мэйлээ шалгадаг, нэг бүрчлэн уншдаг. Авах зүйлээ авдаг. Засах зүйл байвал засдаг. Хаяхыг нь хаяад л явдаг даа.

Тэгэхээр дээрх хаягуудаар өөрт чинь и-мэйл бичвэл авна гэсэн үг үү?
Тийм, авна.

Би 2 хүүтэй л дээ. Өөрийн тань улаан фенүүд. Манай сэтгүүлээс ярилцлага хийх болсныг мэдээд “Ээж ээ, та гарынх үсгийг нь аваад өг, надад утасных нь дугаарыг өгчих мессеж бичье” гэж байсан л даа. Бодвол ийм хүсэлтэй хүүхэд залуус олон байх. Ингэхэд гар утсаар чинь мессеж их ирдэг үү? Зарим олны танил болсон хүмүүс гар утасныхаа дугаарыг байнга сольдог сураг дуулддаг. Таны хувьд?
Ер нь мессеж маш их ирнэ ээ. Үүнээс болж утасны маань цэнэг их хурдан унадаг. Дугаараа сольё гэж бодсон ч дугаартаа их хайртай болохоор сольж чаддаггүй. Их л мессеж ирдэг дээ.

Төвөгтэй юу? Зарим хүмүүс их төвөгшөөдөг?
Зүгээр ээ, зүгээр. Ер нь тэгээд хүн мессеж бичиж байхад чинь түүнийг уншилгүй яах вэ? Заримд нь хариу бичдэг.

Яг одоо ямар гар утас хэрэглэж байна?
Яг одоо бол би Sony Ericsson P990i, бас Nokia 9200 хэрэглэж байна. Гэхдээ одоо гар утсаа сольж байгаа. Bang & Olufsen фирмээс Samsung корпорацитай хамтарч гаргасан утастай болж байгаа.

Мэдээж интернэт гэж ярихаар вэб сайтын талаар ярихгүй байж болохгүй нь. Камертон Монголдоо нэлээд анхныд тооцогдох www.camerton.mn сайтыг нэвтрүүлж байсныг санах юм. Дуучид вэб сайтдаа ямар мэдээллийг тавьбал зохимжтой вэ?
Хамгийн сүүлд манай Б-Продакшн вэбээ хийсэн. Ямар ч вэб сайтын хувьд мэдээлэл чухал, дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж би боддог. Мэдээж дуучдын хувьд тухайн дуучны дуу, зураг, скрийнсейвер ч юм уу, дуучны холбогдолтой сонирхолтой мэдээлэл, бас холбоо тогтоох хаяг байвал их зүгээр юм болов уу.

Ямар вэбэд тогтмол ханддаг вэ?, Зарим тохиолдолд таалагддаггүй хэрнээ хамгийн их үздэг сайт байдаг шүү дээ. Иймээс өөрт тань хамгийн их таалагддаг вэб юу вэ?
Би Yahoo, Hotmail ашиглан мэйлээ шалгадаг. Монголынхоо вэбүүдээр орж мэдээлэл авдаг. Ялангуяа гадаадад явж байхдаа эх орондоо болж буй мэдээллийг цаг тухайд нь авчихдаг.
Яг гайгүй, хамгийн их таалагддаг, эсвэл хамгийн таалагддаггүй гэж хэлж чадахгүй нь. Ер нь л хэрэгцээт мэдээллээ авчихдаг. Манай вэбүүд нэлээд гайгүй, сайжирсан гэж би хувьдаа боддог.

Танай компанийн вэб сайтаар орлоо л доо. Мэргэжлийн, чадварлаг, туршлагатай залуус, сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд. Бас нэг тийм өвөрмөц бөгөөд өнгөлөг дүр төрх нүдэнд туссан. Сая танай студид орж ирэхэд бас л тэр вэбийн нэгэн адил өнгө нүдэнд туссан. Нэг л тийм шинэлэг бөгөөд амьд өнгө. Дээр нь бүтээлч уур амьсгал. Танайх технологи талдаа түлхүү хандсан. Өнөөдөр манайд шинэ технологи, өндөр технологийг банкууд л гол төлөв ашигладаг гэсэн ойлголт байдаг. Их ч рекламддаг. Танайх T.C. electronics, Pro tools, Liquid зэрэг дэлхийн нэртэй пүүс компаниудын үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглогдсон студитэй. Хамгийн сүүлийн үеийн Macintosh Power G5 компьютер хэрэглэдэг юм байна. Үнэндээ танайд сүүлийн үеийн өндөр технологиуд ашиглаж байгааг хараад гайхсаныг нуух юун. Та өөрөө урлагийн хүн. Хөгжим, дуу бол таны ажил, амьдралын салшгүй хэсэг. Яаж яваад технологитой ийм ойр болж, технологийг ихээр хэрэглэдэг болов?
Яаж технологитой холбогдох болсон юм бэ гэвэл мэдээж дууны СД-тэй шууд холбоотой. Дуучид бидний хувьд СД, тэр дундаа сайн чанартай нь маш чухал. Өнөөдөр мэдээллийн технологи маань маш хурдацтай хөгжиж, шинэ шинэ технологиуд бий болж байна. Иймээс тэр бүхэнтэй хөл нийлүүлэн алхана гэдэг маш хэцүү, ихээхэн хөрөнгө шаардах нь ойлгомжтой. Бид Монголдоо дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан дуу бичлэгийн студийг бий болгохоор зорин ажилласан. Үүнд шинэ технологиудыг оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Бид өнөөдөр дэлхийн нэртэй студиудэд ашигладаг өндөр технологиудыг оруулж ирсэн, бүгдийг нь хэрэглэж байна. Тийм ээ, Macintosh Power G5 компьютер манайд бий. Дуу бичлэгийн тал дээр НD3 систем дээр ажилладаг. Энэ бол бас л том том студид хэрэглэдэг төхөөрөмж. Бритни Спирс, Мадонна зэрэг дэлхийн оддын студидээ хэрэглэдэг том том техник төхөөрөмжүүд манайд бий. Монголдоо ганцхан байдаг мастерингийн тоног төхөөрөмжийг манай 440 Hz студи хэрэглэдэг. Энэ бол T.C. electronics компанийн Mastering 6000 гэдэг төхөөрөмж. Тэр утгаараа биднээс гарсан бүтээл стандартын шаардлагыг хангасан бүтээл болж чаддаг.

Мэдээллийн технологи руу орохоос өөр аргагүй гэж өөрөө ярилаа. Мэдээллийн технологи бол хаана ч очоод “наалдчихдаг”, бас түүнгүйгээр ямар ч салбарыг төсөөлөх аргагүй болсон зүйл. Ялангуяа дуу хөгжмийн ертөнцийг. Өнөөдөр ихэнх студи бидний “хулхи”, “хууль бус” хэмээн нэрлэдэг програм хангамжийг хэрэглэдэг нь нууц биш. Энэ нь бүтээлийн чанарт шууд нөлөө үзүүлэх үү?, Нууц биш бол танайх програм хангамжид хэр хэмжээний мөнгө хаядаг вэ?
Тийм ээ, манай ихэнх студиуд бидний пират гэж нэрлэдэг хууль бус програмыг ашигладаг нь нууц биш. Миний хувьд үүнийг буруу гэж боддог. Уран бүтээлчид маань ийм програм ашиглан уран бүтээлээ хийхэд бүтээл нь гацах, гэнэт алга болох зэрэг бэрхшээлүүд гардаг. Пират програм дээр уран бүтээлээ хийх нь чанаргүй, магадгүй тодорхой түвшинд хийсэн зүйлээ алдах, амжилтгүй болох тохиолдол их гардаг л даа. Иймээс манайхан мэргэжлийн програм хангамжуудыг худалдан авч ашигладаг. Мэдээж энэ тохиолдолд системийн маань үйл ажиллагаа маш найдвартай, бүтээл өндөр чанартай байна, програмын дараагийн хувилбарыг болон бусад нэмэлт хувилбарыг интернэтээс татаж авах гээд л олон давуу талуудыг нэрлэж болно. Дээр нь бүтээлийн чанар өндөр, ашиглалтын хугацаа урт байдаг.
Ерөнхийдөө жинхэнэ дуу бичлэгийн студи гэдэг бол орчин үеийн шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэж боддог. Үүнд програм хангамжийн асуудал маш чухал. Мэдээж мөнгө зарах шаардлагатай. Жинхэнэ ном ёсны студи ямар байх ёстой вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Програм хангамжийн хувьд бид анх байгуулагдахдаа худалдан авч л байсан, өнгөрсөн хугацаанд шинэ програм хэрэгцээтэй болсон, байнга л авдаг. Одоо ч авсаар байгаа. Яг жилд тэдийг зарцуулсан гэж мөнгөн дүн хэлэхэд хэцүү.

Сүүлийн үеийн клипүүдийг харж байхад компьютерийн технологийг ихээр ашигладаг болж. Манай хамтлаг дуучдын клипүүдээс агуулга, дизайн, ашигласан технологи зэргээрээ ямар клип хамгийн гайгүй вэ?

Манай Cross Animation студи график талдаа нэлээд гайгүй. Бид шилдэг графикийн шагналыг хэд хэдэн удаа авсан. Бид Б-Продакшн байгуулаагүй байхдаа энэ тал дээр их анхаардаг байсан. Hero Entertainment студи бас мэргэжлийн түвшинд сайн бүтээлүүд хийдэг.

Та өөрийнхөө ямар бүтээлдээ технологийн шийдлийг хамгийн дээд зэргээр ашигласан бэ?
Компьютер графикийг дээд зэргээр ашигласан гэж хэлэхэд хэцүү л дээ. Шилдэг графикийн шагнал авсан “Нүд чинь хайр харуулна” гэсэн клип байгаа. Түүнд боломжийн түвшинд график шийдэл ашигласан. Үүнийг мэргэжлийн хүмүүс үзээд л, дүгнээд гаргасан байх.

Манай энэ дугаар вэб технологид зориулагдаж байгаа. Өнөөдөр вэбүүд төрөл бүрийн мэдээллийг шууд хуулбарлан тавих нь түгээмэл. Ялангуяа дуучид та бүхний бүтээлийг вэбэд төдийгүй гар утсаар тарааж орхидог. Мэдээж СД-ний хувьд бүр ярилтгүй. Энэ бүхэн хууль зөрчсөн бүдүүлэг үйлдэл гэдгийг бүгд мэддэг. Гэвч энэ бүхнийг зогсоож чаддаггүй, тэмцэх аргаа мэддэггүй. Ихээхэн хүч хөдөлмөр, хөрөнгө зарж бий босгосон бүтээлийг хэсэг хүмүүс зүгээр л хуулбарлаад мөнгө хийдэг. Энэ талаар?
Тийм ээ. Энэ бол өнөөдөр хурцаар тавигдаж байгаа асуудал. Бид энэ чиглэлээр нэлээд ажил хийж байгаа. Оюуны өмчийнхөн, бусад студийнхэнтэй хамтран ажиллаж байгаа. Ямартай ч манай студийн бүтээлүүдийг зөвшөөрөлгүй тавьж байгаа вэб сайтуудыг эхнээс нь хааж байгаа. Мэдээж бидэнтэй гэрээ хийгээд, зөвшөөрөл аваад ном журмынх нь дагуу вэб дээрээ тавьж борлуулж болно. Уран бүтээлчиддээ тодорхой хувийг нь өгөөд харилцан тохиролцсоны дагуу хийгдэж болно. Түүнээс бус ямар ч зөвшөөрөлгүйгээр шууд тавина гэдэг бол маш бүдүүлэг, хууль зөрчсөн үйлдэл л дээ. Цаашдаа энэ талаар бид тууштай тэмцэх болно.

Одоо ямар бүтээл хийж байна?
Гурав дахь бие даасан цомог дээрээ ажиллаж байна. Камертон хамтлагийн маань 11 дэх цомгийн ажил бас явж байгаа. Сая “440 Hz” гэдэг хоёр дахь бие даасан цомгоо гаргасан. Цомгоо гарснаас хойш 7 дахь дууныхаа клипийг хийж байна. Зураг авалт Hero Entertaiment студид ид шатандаа явагдаж байна.

440 Hz гэсэн нэр ямар учиртай вэ? Танай нэг студи бас ийм нэртэй байх юм?
Дэлхий дээр хөгжим хөглөдөг нэг ноот байдаг. Бүх төрлийн бүх хөгжмийн хувьд “ля” өнгө, “ля” ноот гэж байдаг, энэ өнгө маань 440 Hz дээр хэлбэлздэг. Ийм учраас өөрийнхөө цомог болон студиэ 440 Hz гэж нэрлэсэн. Энэ маань манай студиэс гарсан бүх бүтээл тэр “ля” өнгө шиг цэвэр, тунгалаг, хүний чихэнд сонсголонтой сайхан бүтээл байгаасай гэсэн үүднээс билэгдэн өгсөн нэр л дээ.

Компьютер ашиглан хөгжмийн боловсрол эзэмшиж болох уу? Манай уншигчдаас компьютер дээр хөгжим тоглож сурмаар байна, энэ чиглэлийн програм хангамж, вэб сайтуудын хаяг өгнө үү гэсэн хүсэлт их ирдэг л дээ. Шинээр сурч буй хүүхдүүдэд шууд компьютер дээр тоглож сурах нь мэдээж буруу байх. Энэ талаар?
Камертоныхон, би багаасаа 6 настайгаасаа хөгжмийн боловсрол эзэмшсэн. Хүүхэд өөрөө компьютер дээр хөгжим тоглож сурах, хөгжмийн боловсрол эзэмшинэ гэж байхгүй ээ. Иймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд мэргэжлийн багшид хандах хэрэгтэй, гэрийн багшаас зөвлөгөө ав гэж зөвлөмөөр байна. Түүнээс биш дан компьютерээр сурна гэдэг хэцүү, боломжгүй л дээ. Харин сурсныхаа дараа компьютер дээр дадлага хийж болно.

Камертон гэснээс өнөөдөр та бүхнийг тайзнаа нэгдэн гарахыг хүссэн хүлээлт бий болжээ. Та бүхэн хамтарсан уран бүтээл хийх үү?
Бид 11 дэх СД-гээ хийж байгаа гэж түрүүн хэлсэн. Үүний дараа амьд тоглолтоо хийнэ.

Өнөөдөр манайд компьютер, интернэт ашигладаг, бас түүнээсээ халиад дуулж, хөгжимдөж сурах хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд, залуус олон. Гэвч тэднийг чиглүүлэх зүйл дутмаг юм шиг....
Манай продакшн дуулах сонирхолтой, энэ чиглэлээр ажиллах зорилготой хүүхэд, залуучуудыг дэмжин ажилладаг. Тун удахгүй манай шинэ дуучид гарна. Бид залуусыг уран бүтээл, санхүү гээд бүхий л тал дээр нь дэмжин ажиллаж, залуу дуучдыг хөгжүүлэх зорилготой. Иймээс урлагийн ертөнцөд хөл тавих сонирхолтой, зорилготой хүүхэд, залууст манай продакшний үүд үргэлж нээлттэй. Та бүхнийг урьж байна.

Миний Компьютер сэтгүүлийн уншигчид, фенүүддээ хандаж хэлэх Таны үг.
Өнөөдөр бидний амьдралд технологи гэдэг зүйл яалт ч үгүй ороод ирж. Миний хамгийн дуртай зүйл бол электрон төхөөрөмжүүд. Дуу тоглуулагч, гар утас, компьютер гээд л... Шинэ технологи бүрийг ашиглахыг хичээдэг, болж л өгвөл авахыг боддог. Энэ тал дээр хоббитой гэх үү дээ. Иймээс залуучууддаа шинэ технологитой хөл нийлүүлэн алхаж, худалдаж авдаггүй юм гэхэд судалж байгаарай гэж хэлмээр байна. Танай сэтгүүл технологийн мэдээ мэдээлэл, шийдлийг уншигчиддаа хүргэдэг, мэдлэг олгодог сэтгүүл. Залуус аа, энэ сэтгүүлийг байнга уншиж, мэдлэг боловсролоо дээшлүүлж байгаарай гэж хэлмээр байна. Миний компьтер сэтгүүл болон мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчдээс шинэ соргог мэдээллийг байнга авч байгаарай. Бас технологийг бүрэн утгаар нь эзэмшиж яваасай. Жишээлбэл, манайхан дунд асар их багтаамжтай, өндөр хүчин чадалтай гар утастай хэрнээ түүнийгээ бүрэн ашиглаж чаддаггүй хүмүүс олон бий. Иймээс өөртөө байгаа технологийг бүрэн ашиглах тал дээр анхаарах, нөгөөтэйгүүр сонголтоо өөрийнхөө хэрэглээнд тохируулж хийгээрэй гэж хэлэх байна.

Бидний урилгыг хүлээн авсан Танд их баярлалаа. Танд болон танай хамт олонд уран бүтээлийн өрнүүн амжилт хүсье.
Баярлалаа.

0 Comments:

Post a Comment

<< Home