ICT Interviews

Tuesday, May 29, 2007

Алтан ураг: Бидний хаяг www.altanurag.com

Ярилцсан С.Уянга
МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгvvл, 2007 онь № 03 (83)

Бид цахилгаан гитар гэж сонсч байснаас бус, цахилгаан ёочин, цахилгаан морин хуур гэж сонсч байсангүй. Гэвч цахилгаан морин хуур, ёочин хэдийнэ бий болжээ. Эдгээр гайхамшигт хөгжмийн зэмсгүүдийн эзэд нь Монголын урлагийн ертөнцөд сүүлийн үед “цахиур хагалж” буй Алтан ураг хамтлагийнхан. Тийм ээ. Тэд Монголд бүү хэл, дэлхийд анхныхад тооцогдох ардын цахилгаан хөгжмийн зэмсгүүдийг бий болгож, эзэмшиж яваа залуус. Иймээс бид энэ дугаарынхаа редакцийн томилолтоор Алтан ураг угсаатны рок хамтлагийнтай уулзаж ярилцсан юм.

Товч танилцуулга
Анх контенпирари гэсэн шинэ хөгжмийн урсгал жанраар уран бүтээлээ эхэлсэн. 2004 оноос фолк (угсаатны) рок стилиэр тоглож эхэлсэн. Хамтлагийн ахлагч ёочин хөгжимчин Б.Эрдэнэбат, цахилгаан морин хуурч Б.Бүрэнтөгс, морин хуурч, хөөмийч П.Оюунбилэг, бөмбөрчин Б.Болортунгалаг, их хуурч Ц.Гангаа, бишгүүр хөгжимчин, хөөмийч М.Чимидтогтох, уртын дууч Х.Эрдэнэцэцэг гэсэн бүрэлдэхүүнтэй.

Юуны өмнө бидний ярилцлагыг хүлээн авсан Та бүхэнд баярлалаа. Ойрмогхон нэгэн телевизээр “Чөтгөрийн 13” ч билүү нэгэн нэвтрүүлгээр танай нэгэн клипийг гаргаад шүүмж өрнүүлж байсан. Энэ клипийнхээ талаар ярилцлагаа эхэлбэл?
Энэ бол “Давалгаа”, “Ижий Монгол” гэсэн хоёр бүтээлийг нэгтгэсэн клип. “Давалгаа” бүтээлээр одоогийн хийж байгаа зүйлээ, “Ижий Монгол” бүтээлээрээ цаашид хийх зүйлээ гаргахыг зорьсон. Мэдээж аар саар өөлөх зүйл, бас санаанд хүрээгүй зүйл байлгүй яах вэ.

Оролцогчдоос гарсан шүүмж нь морин хуур тоглож буй залуугийн гарт цаг байсан, бөгж нь эргэсэн байсан зэрэг зүйл хэлж байсан санагдана. Ардын хөгжим гэхээр л заавал бүх зүйл ардын буюу үндэсний онцлогтой, энгийн байх албагүй мэт... Орчин үед шинэ агуулгаар баяжуулагдан нэг талаас ардын урлаг, нөгөө талаас орчин үеийн технологи, өвөрмөц шийдэл, өнгө төрх баймаар?
Тийм ээ. Ер нь ардын урлагийн асуудал дээр бид шүүмжлэлтэй ханддаг. Манай ардын урлагийн хамтлагууд гэхэд л нөгөөх л “Үүлэн бор”, Жалам хартайгаа, нөгөөх л хувцастайгаа л, товчоор бол нэг хэвийн, нэг хэв маягт баригдсан байдаг. Үүнээс үүдэн хатуугаар хэлбэл, нэг үе монголчууд маань өөрсдөө ардын хөгжмөө сонсохгүй талдаа болсон байсан шүү дээ. Эрт дээр үеэс бидэнд уламжлан ирсэн энэ их өв соёлоо хадгалах, орчин үеийн өнгө төрх, хэмнэлд нийцүүлэн баяжуулах нь ихээхэн чухал гэж бид боддог. Иймээс яавал хүнд ардын дуу хөгжмөө хүргэх, илүү амьд шинэлэг болгох, хүмүүсийг шимтэн сонсдог, яавал илүү ойр болгох вэ гэдэг тал дээр их анхаарсан, их ч ярилцсан.

Бусад хамтлагуудтай харьцуулахад танай хамтлаг нэг л өвөрмөц санагддаг. Ингэхэд ардын хөгжмөөр рок тоглох санаа хэрхэн төрөв, хамтлаг хэрхэн байгуулав?
Бид бүгд Хөгжим бүжгийн коллежийг төгссөн нэг ангийнхан. 2001 онд сургуулиа төгсөөд ”Сарны чулуу” чуулгад орцгоосон. Тэндээ 3 жил ажиллаад энэ хамтлагаа байгуулсан даа. Дээр дурдсанаар нэгэн хэвийн хэвшмэл зүйлийг өөрчилж, ардын дуу хөгжмийг хүнд ойр, илүү амьд болгох зорилгоор хамтлагаа байгуулсан.

“Алтан ураг” сонсголонтой хэрнээ, утга төгөлдөр нэр юм. Энэ нэрийг хэн өгөв?
Нэрний тухайд бид бүгд Чингисийн алтан ургийнхан гэдэг үүднээс ийм нэр бодож өгсөн. Бидний зорилго бол Чингисийн Монголыг дэлхий дахинаа таниулах. Түүнээс гадна Чингис болон түүний алтан ургийнхан дайн байлдаанаар дэлхийг байлдан дагуулж байсан улс. Тэгвэл одоо үед алтан ургийнхан юугаар дэлхийг байлдан дагуулж болох вэ? Мэдээж урлаг, спортоор дагуулна шүү дээ. Тэр дундаа үндэсний хөгжмөөрөө байлдан дагуулж болох юм. Өнөөдөр монголчууд бид оюун ухаан, авьяас билгээрээ дэлхий дахинаа Монголын нэрийг дуурсгах явдал маш чухал. Энэ утгаараа энэ нэрийг өгсөн дөө.

Ардын хөгжмийн зэмсгүүдийг цахилгаан болгоно гэхээр?
Тэр чинь их хэцүү ажил аа. Патентаа алдчих юм биш биз? (инээлдэцгээв) Зарчим нь цахилгаан гитартай яг адил.

Өөрсдөө хийсэн үү? цахилгаан болгосноор хөгжмийн дуу гаралтанд ямар өөрчлөлт орж байна вэ? Техникийн үзүүлэлт?
Тийм. Өөрсдөө хийсэн. Дуугаралтын хувьд басс гитартай ойролцоо, гэхдээ илүү агаартай дуугардаг. Цахилгаан гитарын нэгэн адил техникийн нарийн үзүүлэлтүүдийг хэлэхэд төвөгтэй байна. Дуугаралтын хувьд мэдээж маш гайхалтай. Товчоор бол морин хуураас ялгаатай нь акустик гитарын мембран болон цахилгаан гитарын эффект, цахилгаан хийлийн техник хэрэгслүүдийг суулгасан.

Агаартай гэхээр?
Нумт хөгжим учраас цахилгаан болгосноор морин хуур болон цахилгаан гитарын аль алинд нь байдаггүй онцлог дуугаралттай гэх үү дээ.

Танай хамтлагийг өнгөөр илэрхийлбэл?
Хар, улаан, цагаан.

Танай хамтлагийн имиж гэх үү дээ, хувцаслалт, хөгжмүүд чинь тун өвөрмөц санагдсан. Морин хуурын толгой гэхэд л үнэхээр содон өнгө, төрхтэй. Үүнийг өөрсдөө хийв үү? эсвэл мэргэжлийн хүнээр хийлгэсэн үү? Ардын хөгжмийн зэмсгүүдийг орчин үе, рокийн хэмнэлд оруулсан тань үнэхээр гайхалтай?
Морин хуурын толгойн хувьд хүмүүс янз бүрээр л ханддаг. Заримд нь таалагддаг, ялангуяа настай хүмүүст бол таалагддаггүй талдаа гэж хэлж болно. Бид морин хуурыг өөрчлөх гээгүй, өөрсдийн имиж, онцлогт л тохируулан өөрчилсөн. Санаагаа бид өөрсдөө гаргасан. Бид Индэр мөнгөн хуур гэдэг юм. Ер нь бол цахилгаан хуур л даа. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө стиль жанрт тохируулсан гэх үү дээ. Гэхдээ энэ бол цоо шинэ санаа биш, Монгол ардын үлгэрт “Индэрмаа хар мангас Индэр мөнгөн хуураа аваад л” гээд гардаг шүү дээ. Тэгэхээр морин хуураас гадна бас өөр хуур байдаг гэсэн санаа л даа. Дээр бид хэлсэн. Нэг талаар ардын урлагийг хэвшмэл байдлаас нь гаргах, нөгөөтэйгүүр өөрсдийн имижийг бүрдүүлэх үүднээс хөгжмүүдээ өөрчилсөн, хувцаслалтандаа ч үүнийгээ шингээхийг хүсдэг.

Нууц биш бол танай тоглолтын хувцасны дизайныг хэн хийдэг вэ? Алтлаг хээтэй эмжээртэй хар хувцас тань их өвөрмөц юм?
Мэдээж санаагаа өөрсдөө гаргана. Түүнээс биш загвар зохион бүтээгчдийн хувьд ардын урлаг гэхээр ноёд, хатдын хувцас, рок гэхээр л гинж төмөр унжсан байдлаар гаргах гээд байдаг. Гэтэл биднийх үүнээс өөр, бид огт өөрийг хүсч байгаа. Бидэнд ардын урлаг болон рок хөгжмийг давхар шингээсэн тийм л зүйл хэрэгтэй. Бидний хувцсыг ерөнхийлөгч, төрийн түшээдийн дээлийг урладаг Лхагва мастер хийсэн.

Танай хамтлагийн нэг аялгуу надад маш таалагддаг. Дахин дахин сонсоод баймаар, нэг сонсохоороо 2-3 удаа дараалж сонсдог. Өмнө нь нэг л тийм уйтгартай, хийж байгаа бүх зүйлээ орхиод шууд гармаар ч юм шиг, тэгсэн хэрнээ сэтгэлд дотно, бас тайвшрал авчирч, итгэл төрүүлэхээр, сэтгэл сэргээмээр ч юм шиг санагддаг байлаа. Үгээр илэрхийлэхэд хэцүү юм. Гэтэл ойрмогхон СД дээрээс тань энэ аялгууны нэр нь Requiem гэдгийг, бас товч тайлбарыг нь мэдэж авлаа л даа. “Бид туйлдаж байна.... Бид цөхөрч байна.... Бид шинийг хүсч байна.... Бид багтарч байна....“ гэсэн тайлбартай байсан. Үүнийг уншсаны дараа үнэхээр л аялгуу тань дээрх санааг илэрхийлээд байгаа мэт санагдсан. Энэ бүтээлийнхээ талаар яриач.
Та гадаа гараад хар. Амьдрал ямар харагдаж байна. Тэнэмэл хүүхдүүд гээд л.... Амьдрал хэцүү байна ш дээ. Үнэхээр л туйлдсан, цөхөрсөн, багтарсан, хотол зоноороо шинийг хүссэн нэг ийм уур амьсгал, дүр төрх танд буухгүй байна гэж үү? Бид хар багаасаа л хөгжмөөр амьсгалж, амьдарч яваа хүмүүс. Иймээс энэ бүхнийг үүнээс өөрөөр илэхийлэх арга алга.

Сэтгүүл маань мэдээллийн технологийн сэтгүүл. Иймээс энэ талын болон уламжлал болсон хэдэн асуултыг асуухаас өөр аргагүй нь. Компьютер, интернэтийг хэр ашигладаг вэ? Уран бүтээлдээ ашигладаг уу?
Мэдээж өдөр бүр компьютерийн ард суугаад интернэт ашиглаад байх цаг гардаггүй. Бидний компьютертэй холбоотой бүхий л хэрэгцээг CCS компани хангадаг. Энэ дашрамд тус компанийн захирал Кадр, Даваанаад баярлалаа гэж хэлмээр байна.

Мэдээж амьд тоглолт хийдэг тул тэр бүр компьютер хэрэггүй байж магадгүй. Хөгжмийн мэргэжлийн програмууд болох Cubase гэх мэт програм дээр маш олон хөгжмийн зэвсэг орсон байхыг нэг удаа харж байсан юм. Монгол ардын хөгжмүүд, цахилгаан хөгжим зэргийг компьютерийн регистрт оруулах цаг болсон мэт. Энэ талаар ....
Одоогоор тоглолтондоо компьютерийн програм ашигладаггүй. Мэдээж Монгол ардын хөгжмүүдийг компьютерийн регистрт оруулахтай санал нэг байлгүй яах вэ.

Танай хамтлагийн вэб хуудас www.altanurag.com гэж байсан. Харамсалтай нь орохгүй байсан?
Тийм ээ. Вэб сайт маань бүрэн хийгдээгүй байгаа. Манай вэб сайтыг хөгжүүлэх ажлыг ХААН Банк ивээн тэтгэж байгаа. Удахгүй вэб сайт маань бүрэн ажиллагаанд орж, та бүхнийг манай вэб сайтын идэвхтэй зочин болно гэдэгт итгэж байна.

Та бүхэнтэй уулзахаас өмнө та бүхний бүтээлийг сонирхохоор ганц нэгэн СД шопоор орсон. Нэгэн худалдагчийн хэлснээр танай хамтлагийн СД-ийг гадныхан их авдаг. Авах авахдаа тохиолдлоор сонирхож бус, зорьж ирж авдаг гэсэн. Гэхдээ энэ бол Монголд оршин суудаг гадаадууд. Хилийн чанадад байгаа монголчууд, гадныхан та бүхний бүтээлийг сонирхох нь гарцаагүй. Өнөөдөр заавал дэлгүүр хэсч худалдаа хийх бус, компьютерийн араас дэлхийн өнцөг булан бүрт бараа бүтээгдэхүүнээ борлуулах, худалдан авалт хийх боломжтой болсон цаг. Та бүхэн бүтээлээ интернэтээр сурталчлах, борлуулах талаар төлөвлөсөн зүйл бий юу?
Бүтээлээ интернэтээр борлуулах, сурталчлах талаар бодож, төлөвлөж байгаа олон зүйл бий. Тийм ээ. Гадныхан манай хамтлагийг тодорхой хүрээнд мэддэг. Магадгүй энэ нь 8 орны хамтран бүтээсэн “Хадаг” хэмээх баримтат кинотой холбоотой болов уу. Бид энэ киноны хөгжмийг хийсэн, бас тоглосон. Интернэтэд энэ киноны талаар нэлээд мэдээлэл байдаг.

(С.У: Үнэхээр “Altan urag” гэсэн үгээр интернэтээс хайхад энэ кинотой холбоотой нэлээд мэдээлэл байлаа. Энэхүү кино нь 2006 онд Торонтогийн кино урлагийн фестивалиас Сваровскийн хүндэт шагнал, Венецийн кино фестивалиас “Ирээдүйн арслан” зэрэг хэд хэдэн шагналыг хүртсэн бүтээл юм байна. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг түүний албан ёсны вэб сайтаас http://www.khadak.com хаягаар хандан авч болно. Түүнчлэн тус хамтлагийн цомгуудын талаар, мөн тоглолтыг үзсэн хүмүүсь тэр дундаа гадаадынхны сэтгэгдэл их байлаа.)

Одоо ч технологи хөгжөөд видео хүртэл өндөр чанартайгаар stream хийж үзэж болж байгаа юм чинь амьд хөгжмийг заавал очиж үзэх биш, гэртээ эсвэл ажлаасаа шууд үзэх боломжтой ч юм шиг…
Тийм ээ. Иймэрхүү боломжийг ашиглана гэж бодож байгаа. Бодож төлөвлөж байгаа зүйл их байна аа.

Интернэтээр бүтээлүүдээ борлуулах талаар гэснээс зохиогчийн эрхийн тухай юу гэж боддог вэ?
Тийм ээ. Энэ бол бидний санааг зовоосон асуудал. Манайд зохиогчийн эрх хамгийн ихээр зөрчигддөг. СД хувилж зарах асуудал бол энүүхэнд. Бидний бүтээлийг кино, телевизийн нэвтрүүлгүүд ихээр зөвшөөрөлгүй ашигладаг. Ядаж л “Алтан ураг” гээд нэрийг маань дурдаж болмоорсон. Энэ талаар яриад ч нэмэр алга. Энэ тал дээр урлагийн болон холбогдох байгууллагууд юу ч хийхгүй байна. Бид дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн болмоорсон.

Улаанбаатар таймс сониноос нэгэнтээ танай “Made in Altan urag” цомгийн талаар бичсэн мэдээг уншсан санагдана. Түүн дээр та бүхэн “Бидний цомгийг дахин сонсоход нэг их буруудахгүй. Яагаад гэвэл бид шинэ юм сонсгож байгаа учир хүмүүс сайн ойлгохгүй байж мэднэ. Харин хоёр дахь удаагаа сонсвол дурлах болно” гэсэн байсан. Ингэхэд “Унага төрөв” цомог юугаараа онцлог вэ? Нэр нь хүртэл өвөрмөц юм.
Анхны “Унага төрөв” цомог маань контерпирари жанраар бүтээгдсэн дан хөгжмийн бүтээл. Гэтэл энэ нь бидний хүсч мөрөөдөж байсан урсгал арай л биш юм гэж санаад өөрийн өнгө төрхөө хайж эхэлсэн. Хэд хэдэн зүйлийг билэгшээж энэ нэрийг өгсөн. Унага бол хийморлог амьтны үр төл, эхээс төрмөгц дөрвөн хөл дээрээ тэнцдэг, мөн бид морин хуураар тоглодог, анхны маань цомог, уран бүтээл учир цаашид зорилгодоо хүрнэ гэж бэлгэшээж энэ нэрийг өгсөн. Цомгийн маань онцлогийг мэдэхийн тулд та өөрөө сонсох нь дээр болов уу. Нэг танил маань манай “Унага төрөв” цомгийг дөнгөж шинээр аваад хөдөө явж л дээ. Тэгээд СД авснаа санаад тавьж л дээ. Тэгээд “Туйлбаргүй” хэмээх аяыг маань сонсоод үхтлээ айсан гэсэн, бараг л сүнс ад чөтгөр санаанд нь буусан юм байх (инээлдэв).

Хүнд тэгж нөлөөлтөл нь хөгжмийг бий болгоно гэдэг сайхан л байна шүү дээ. Хажууд нь очоод орилоход айдаггүй атал хөгжим сонсоод айх, нуруугаар жихүүдэс төрж байна гэдэг чинь хөгжим тань хүнд хүрч байгаагийн илрэл бус уу? Хөгжмийн зохиолыг хэн бичдэг вэ? Өөрсдөө бичдэг гэж сонссон....
Тийм ээ. Манай хамтлагийн бас нэг онцлог бол бид өөрсдөө хөгжмөө бичдэг. Энэ нь бас л бидний хэлэх, гаргах гээд байгаа зүйлтэй холбоотой. Хоорондоо ярилцаж байгаад иймэрхүү зүйл хийе гээд л дундаасаа бүтээлээ гаргадаг. Ер нь бид бие биенээ маш сайн ойлгодог. Хар багаасаа л хамт сурч, ажиллаж байгаа болохоор аргагүй юм даа.

Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
Бид Оросын нэрт найруулагч Сергей Бодровын Чингис хааны тухай Монгол гэдэг киноны хөгжим дээр ажиллахаар уригдсан энэ сарын 20-доор ОХУ-ыг зорино. Энэ бол монголчууддаа, фенүүддээ барьж буй бидний бэлэг. Хадаг киноны нэгэн адилаар бид дэлхийн бусад орнуудад, Холливүүдэд Монголоо тодорхой байдлаар сурталчилж буй хэрэг гэж билэгшээж байгаа. Мэдээж баримтат бус, уран сайхны кино тул хүмүүст хүрэх нь илүү байх. Монголчууд урлаг соёлтой, ардын урлагийн арвин сан нөмрөгтэй гэдгийг хүмүүс мэдэг л дээ.

Энэ чинь нэг хэсэг Чингис хаан, монголчуудыг доромжилсон кино хийх нь гээд л хэдэн жилийн өмнө нэлээд шуугиан тариад байсан кино мөн үү? Түүхийг гуйвуулсан гээд л бөөн юм болж байсан санагдана?
Тийм ээ, нэг үе их шуугиан тарьж байсан. Бид киногоо үзсэн. Энд монголчууд биднийг доромжилсон, дайрч давшсан ямар ч зүйл байхгүй. Иймээс бидний ярилцлагыг уншиж буй хүмүүс ч гэсэн энэ киноны талаар зөвөөр ойлгох хэрэгтэй. Агуулгын хувьд ямар ч буруу зөрүү зүйл байхгүй. Чингис хааны тухай кино бол монголчууд биднийг дэлхий дахинаа сурталчилж буй хэрэг шүү дээ.

Ойрын үед фенүүддээ барих бэлэг? Том хэмжээний амьд тоглолт хийх үү?
Ойрын үед төлөвлөсөн тодорхой тоглолт байхгүй. Хэтдээ томоохон, бусдаас шал өөр тоглолт хийнэ гэж бодож байгаа.

Фенүүд гэснээс танай хамтлаг Фен клубтэй гэж сонссон?

Тийм ээ. Биднийг сонсдог, дэмждэг, хамтарч ажилладаг залуусын байгуулсан фен клуб бий. Энэ дашрамд уншигчид та бүхнийг ч гэсэн биднийг дэмжээсэй гэж хүсч байна. Бодвол танай сэтгүүлийн уншигчид бүгд л компьютер, интернэтийг өргөнөөр хэрэглэдэг хүмүүс байх. Иймээс ядаж л вэб сайтдаа манай хамтлагийн талаар мэдээ, вэб сайтын маань холбоосыг байрлуулах замаар биднийг дэмжиж болно шүү дээ. Та бүхэнд манай фен клубын хаалга нээлттэй гэж хэлмээр байна.

Бидний хүсэлтийг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн Та бүхэнд баярлалаа. Та бүхний урлагийн алтан шар зам дардан байг.
Баярлалаа. Бид Монгол киноныхоо хөгжмийг хийж ирсний дараа орчин үеийн кино урлагт дуу хөгжмийг амилуулахад компьютер техник, мэдээллийн технологийн орчин үеийн ололт дэвшлүүдийг хэрхэн ашиглаж буй талаар та бүхэнтэй хуваалцах болно. Энэ дашрамд биднийг дэмжин ажилладаг Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, ХААН банк болон бусад байгууллага, хүмүүст баярласнаа илэрхийлье.

Ийнхүү Алтан ургийхантай хийсэн ярилцлагаа өндөрлөе. Уншигч та энэ хамтлагийн талаар сайн мэддэггүй, магадгүй огт сонсоогүй байж болно. Тэгвэл тэдний амьд тоглолтыг Их Монгол зоогийн газарт ням гариг бүрийн 21.30 минутаас сонирхоод үзээрэй. Үндэсний урлаг, өв соёлоо гэсэн сэтгэлтэй, ажилсаг, авьяаслаг, нэгэн гэр бүл мэт цогц болж чадсан эдгээр залуустай ярилцах үед тэд дэндүү даруухан санагдаж байсныг нуух юун. Ганц нэг дуу дуулдаг, өөрийгөө “баруун, солгойгүй” рекламдаж “од” болдог хүмүүс бишгүй л байдаг. Гэтэл тэд өөрийн гэсэн өнгө төрхөө олж, чанартай уран бүтээл хийхээр шаргуу ажиллаж, хилийн чанадад танигдсан хэрнээ нутаг нэгтнүүддээ бүрэн танигдаж амжаагүй явна.

0 Comments:

Post a Comment

<< Home