ICT Interviews

Tuesday, May 29, 2007

С.Саранцацралт: Компьютерийн өнгөний боломж маш өндөр ч уран бүтээлийг амьдаар нь гаргаж, илэрхийлж чадахгүй

Ярилцсан С.Уянга
МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгvvл, 2007 онь № 03 (83)

Өнөөдөр улс орныхоо нэрийг дэлхий дахинаа гаргаж яваа хүмүүсийн нэг бол Монгол Улсын Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралт гэдэгтэй та санал нийлэх буй заа. Иймээс бид энэ удаагийн Ярилцах цаг булангийнхаа зочноор зураач С.Саранцацралтыг урьж оролцууллаа.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан Танд баярлалаа. Тантай уулзаж ярилцахын өмнө интернэтээс вэб сайтыг тань хайлаа л даа. Гол төлөв бүтээл, үзэсгэлэнтэй холбоотой мэдээ, мэдээллүүд байсан. Харин вэб сайт тань байсангүй?
Тийм ээ. Вэб сайтаа шинэчлэх санаатай байгаа. Одоогоор тавигдаагүй байгаа л даа.

http://www.feltnationart.com/ сайт дээр таны 10 гаруй бүтээлийг борлуулж байсан. Ингэхэд бүтээлүүд тань интернэтээр хэр зэрэг борлогддаг вэ?
Тийм үү? (гайхав). Би ер нь интернэтээр бүтээлээ борлуулдаггүй. Энэ вэб сайтыг мэдэхгүй юм байна. Ер нь биднээс зөвшөөрөл аваад хамтран ажиллаж болно шүү дээ. Энэ талаар тодруулаад өгвөл сайн байна, тэдэнд зөвшөөрөлгүй бүтээл борлуулж байгааг нь мэдэгдэх хэрэгтэй болов уу?
(Тодруулга С.У: Аялал жуулчлалын FeltNation компанийн http://www.feltnationart.com/ сайт дээрх онлайн дэлгүүрт түүний 12 бүтээл тавигдсан байлаа. Бүтээл тус бүрийн үнэ нь 1000-3000 ам.доллар.)

Интернэт гэснээс уран зураг, уран баримлын хувьд онлайн галерейд тавих нь тухайн бүтээлийн халдашгүй байдал, өнгө, хэмжээс зэрэг онцлогийг нь илэрхийлж чаддаггүй гэж мэргэжилтүүд үздэг?
Уран зураг, уран баримал бол давтагдашгүй, уран бүтээлчийн санаа бодол, сэтгэмж, өнгийн өвөрмөц зохицлыг шингээсэн байдаг. Хэдийгээр компьютерийн өнгөний боломж маш өндөр ч уран бүтээлийг амьдаар нь гаргаж, илэрхийлж чадахгүй гэж би боддог.

Уран бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтлэх, түгээх, жишээлбэл, вэб сайтанд байршуулах, телевизийн нэвтрүүлэг, мэдээний ард дэвсгэр болгон оруулах зэрэг асуудал түгээмэл байдаг. Энэ хууль зөрчсөн үйлдэл үү?
Тийм ээ. Уг нь энэ бүхнийг харилцан тохиролцсоны дагуу хэн хэнийхээ эрх ашгийг хөндөхгүйгээр зохицуулж болно шүү дээ. Интернэтээр бүтээлийг зөвшөөрөлгүй борлуулах, төрөл бүрийн байдлаар бүтээлийг бүтнээр нь болон хэсэгчлэн ашиглах нь хууль зөрчсөн үйлдэл. Зарим нэг кафед миний хуулбар зураг байгаа харагддаг. Үүнд би нэг их эмзэглэдэггүй, яах вэ оюутнуудын л хийж байгаа ажил. Гол нь юм сурч авах л хэрэгтэй.

Оюутнууд гэснээс та багшилдаг уу?
Багшилдаггүй. Нэг удаа зургаан сар багшлаад больсон. Уран бүтээл хийх цаг багасаад.

Уран бүтээлчид өөрийн гэсэн школыг бий болгохыг хүсдэг. Таны хувьд?
Би тэгж боддоггүй. Надад шавь орох хүсэлтэй хүмүүс байдаг. Миний хувьд хүүхдүүдэд харандаа үзүүрлэхийг эхнээс нь заамааргүй санагддаг. Дүрслэх урлагийн сургуулиа дүүргээд зургаа зураад сурчихсан, харандаатайгаа харьцаж чаддаг болоод ирвэл өөр хэрэг. Ер нь уран бүтээлч болно гэдэг зураг зурж сурахаас өөр асуудал. Манай ангийг 60 гаруй хүүхэд төгсөж байсан ч ердөө 2-3 нь л уран бүтээлч болсон. Ер нь уран бүтээлч болох чин хүсэлтэй, бие сэтгэлээ бүрэн зориулах ганц хоёр гарын шавьтай болно гэж боддог. Гэрийн шавь сургалт гэж байдаг шүү дээ. Яг л тийм зарчмаар, хамт амьдарч, хамт идэж ууж, бийрийг маань угаалцаж, шавар шавхайтай зууралдаж байгаад л уран бүтээлч болно гэсэн үг.

Хамт амьдрах гэснээс таны охид телевизийн нэгэн нэвтрүүлгээр “Аав, ээж бид дөрөв найзууд шиг л байдаг” гэж байсан нь надад их таалагдсан. Охид тань телевизийн хөгжмийн нэвтрүүлгээр манай хүүхэд залууст нэлээд танил болж байгаа. Мишээл, Мөнгөлдэй хоёрын өгсөн ярилцлагуудаас нь үзэхэд өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь нь маш сайн төлөвшсөн санагдсан. Эргэн тойронд маань мэдээллийн урсгал чөлөөтэй явагдаж, амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед хүүхдийг өөртөө итгэлтэй болгон хүмүүжүүлэхэд, тэдэнтэй ойлголцоход юуг анхаарах нь хамгийн чухал вэ? Нийгэм маань өөрчлөгдөж байна, хөгшчүүл “одооны хүүхдүүд” гээд л урсгаад эхэлдэг шүү дээ.
Би өөрөө их чөлөөтэй орчинд өссөн. Эцэг эх маань “үгэнд орсонгүй, хичээлээ хийсэнгүй, зураг зурлаа” гэж хэзээ ч хэлдэггүй байсан санагдана. Би дуртай үедээ хичээлээ хийж, дуртай үедээ зургаа зурдаг байсан. Өөрөө ингэж өссөн болохоор охиддоо хатуу шаардлага тавьж, шүүмжилдэггүй, бас загнадаггүй. Хамгийн гол нь өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлэхийг боддог. Ямар ч юм практик дээр хүнд илүү буудаг, нөлөөлдөг. Түүнээс биш үглэж, дуулах нь сонин биш.

Тантай яриад сууж байхад яагаад ч юм та ер нь уургүй, их тайван хүн шиг санагдлаа. Та ер нь уурладаггүй байх?
Уурладаггүй (инээв). Ер нь уургүй талдаа.

Таныг стандарт юманд дургүй гэж сонссон. Магадгүй үүний нэг илэрхийлэл бол таны имиж, хувцаслалт, үс засалт. Яг одоо таны зүүсэн бөгж, цаг чинь нүдэнд шууд тусч байна л даа. Таны цэнхэр үс, холбоотой ээмгэн зүүлт тухайн үед хүмүүст маш содон, өвөрмөц туссан байх. Гэтэл бидний эргэн тойрон, амьдрал маань тэр чигтээ стандарт юм шиг...
Энэ бол манай боловсролын асуудалтай шууд холбоотой, түүний сөрөг үр дагавар. Боловсролын тогтолцоо маань нэг л биш гэсэн үг. Хүүхдийг багаас нь урлагийн гоо сайхны мэдрэмжтэй болгон хүмүүжүүлэх, хөгжүүлэх талаар анхаарсан бол өнөөдөр намайг, эсвэл чамайг хараад дуурайх биш, өөрийгөө мэдэрдэг, өөрийнхөө имижийг гаргадаг, өөрийн гэсэн үзэл бодолтой, ядаж л өөрийнхөө гадаад байдлыг аваад явчихдаг, өөрийнхөө үсийг ямар өнгөөр будахаа мэддэг хүмүүс гарах байсан. Нэгэнт л ийм зүйл байгаагүй тул бусдыг дуурайдаг хүмүүс гарч байгаа юм. Гэхдээ энэ бүхэн тодорхой хугацааны дараа эцэс болно гэж боддог. Өнөөдөр эцэг эхчүүд англи хэлний дамжаа, бүжгийн дугуйлан, төгөлдөр хуурын дамжаа гээд л бүх юманд хүүхдээ сургаж, ‘супермен’ болгохыг боддог. Гэтэл тэр бяцхан амьтан чинь яаж тийм олон юманд өөрийгөө зориулж чадах юм бэ? Миний хувьд хүүхдийг багаас нь өөрийгөө дотроосоо таньдаг болгож хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Түүнээс биш хүүхдийг эд материалаар бөмбөгдөх хэрэггүй.

Тэгэхээр багаасаа урлагийн мэдрэмжтэй, хийсэн, бүтээсэн зүйл нь стандарт бус байна гэсэн үг үү?
Тийм ээ. Барилга барьсан ч стандарт, нэг загварт баригдахгүй гэсэн үг.

Таны төрийн соёрхол авч байх үедээ хэлсэн үг тань надад маш их таалагдсан. Бас л стандарт бус, этгээд гэх үү дээ. Хүн бүр л шагнал авахдаа, тэр ч бүү хэл дотроо “би авах ёстой” гэсэн бодолтой, хийсэн бүтээсэндээ итгэл төгс хэрнээ л “энэ бол хамт олны минь хөдөлмөр, цаашид их юм хийнэ гэж надад ийм шагнал өглөө, итгэл найдвар хүлээлгэж байна” гэх мэтээр нэг тийм хэвшмэл, хиймэл гэмээр үг хэлдэг. Миний бодлоор шагналыг юм хий гэж өгдөггүй, хийснийг нь үнэлж л өгдөг, өгөх ч ёстой байх. Харин та “Төрийн соёрхлыг цэнхэр толгойтой хүнд өгдөг юм байна” гэж хэлсэн.
Харин тийм ээ (инээв). Хүмүүс хамт олны минь итгэл, шагнал, аав ээждээ баярлалаа гэж хэлдэг. Надад бол тийм үг орж ирээгүй (инээв). Тэгээд л санаанд орсноо л шууд хэлж орхисон.

Сэтгүүл маань мэдээллийн технологийн сэтгүүл. Иймээс энэ талын болон уламжлал болсон хэдэн асуултыг асуухаас өөр аргагүй нь. Компьютер, интернэтийг хэр зэрэг ашигладаг вэ?
Хэрэгцээндээ тохируулаад л ашигладаг. Захиа солилцох, ганц нэг танил уран бүтээлчдийнхээ бүтээл, үзэсгэлэнг үзэх зэргээр л ашиглана даа. Компьютер, интернэтийг байнга ашиглаад байх зав ч байдаггүй, шаардлага ч алга. Мөнгөлдэй маань энэ талын асуудлыг хариуцдаг.

Манайд компьютер график хөгжих эхлэл тавигдаж байна. Жишээ нь, Чингис хаан комикс, Хас комикс гэх мэт. Энэ чиглэлээр ажиллах ямар нэгэн төлөвлөгөө бий юу?
Орчин үеийн шинэ төрөл, маш их мэдрэмж, хөдөлмөр шаардсан ажил. Миний хувьд энэ чиглэлээр ажиллах бодолгүй. Харин Мөнгөлдэй маань энэ чиглэлээр явсан бол их сайн зураач болох байсан байх. Бага байхдаа комикс их зурдаг байсан.

Бас л компьютер графикийн талаар асууя. Энэ төрлийн бүтээлийг реклам зар сурталчилгаанд ихээр ашигладаг болжээ. Гэхдээ энэ нь урлагийн хүний нүдээр харахад ямар байдаг бол? Таныг шүүмжил гэвэл та юу гэж шүүмжлэх вэ?
Компьютер график нь маш их хөдөлмөр зарж хийгддэг ч хүн агшин зуурт хараад л өнгөрдөг онцлогтой. Товчоор бол хүмүүс урлагийн гоо сайхан талаас нь харж амждаггүй, зүгээр л хараад өнгөрчихдөг. Манайхан энэ онцлогийг маш сайн мэддэг болсон төдийгүй их хялбархан хийчихдэг болсон. Тэгэхээр энд урлагийн мэдрэмжийн талаар ярих нь хэцүү юм. Ялангуяа рекламуудад урлагийн гоо сайхан, мэдрэмж байдаггүй. Зүгээр л хооронд нь эвлүүлээд тавьчихсан санагддаг. Гэтэл реклам гэдэг бол өөрөө урлаг юм. Урлагийнх нь чиглэлээр хөгжүүлбэл зүйтэй болов уу.

Гадаадад урлагийн бүтээл прагматик тал руугаа их хөгжсөн, өдөр тутмын амьдралд ихээр нэвтэрсэн харагддаг. Наад зах нь компьютерийн гадаад төрхийг төрөл бүрийн имиж төрхтэй болгох гэх мэт. Хуучин компьютер, эд ангиудаар баримал хийх, арт хэлбэртэй болгох гээд л. Компьютер технологийг байгаа чигээр нь урлагийн бүтээл болговол их л сонирхолтой болов уу. Арт хэлбэрийн флэйш диск, сонгодог загвартай, этгээд төрхтэй процессор их байдаг. Хэдэн жилийн өмнө Та “Баадантай юм” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан. Нэрнээсээ ч, үзэсгэлэнгийн өнгө төрхөөсөө ч нэг л тийм сонин содон хийгээд шинэ өнгө төрх мэдрэгдэж, үнэртэж байсан. Бид чинь баадан гэж бараг ярьдаггүй шүү дээ. Магадгүй дээр миний өгүүлсэн чиглэлээр бүтээлийн үзэсгэлэн гаргавал бас л содон байх болов уу? Компьютерийн дэлгэцийг толь болгоод л... Энэ талаарх таны бодол?
Надад тиймэрхүү санаа бий. Уран бүтээлч бидний хувьд санхүүгийн бэрхшээлээс үүдэн хүссэн үзэсгэлэн бүрээ гаргаж чаддаггүй. Дан телевизороор бүтээл хийе гэж бодоод л яваа. Манай урлангийн телевизор гэхэд л маш олон өнгөөр будсан, баахан юм наасан этгээд эд бий.

Өнгө гэснээс өнгөтэй холбоотой гурван ч асуултыг асуулгүй өнгөрч боломгүй санагдлаа. Өнгийн талаарх та бидний мэдрэмж орон зай, цаг хугацаанаас хамааран өөр өөр байдаг. Өнгө маань өөрөө маш сонин, нууцлаг гэж би боддог. Бид хүнийг өнгөөр дүрсэлж ярьдаг. Жишээ нь зарим хүний хувьд ярьж байгаа зүйл нь хүнд, хийж буй үйлдэл нь нэг л биш, хүн хараад л ядардаг, товчоор бол хар өнгөөр илэрхийлмээр байдаг бол зарим нь нэг тийм өөдрөг, гэгээлэг байдаг. Тэгэхээр хүн бүрийг өнгө гэж үзвэл та өөрийгөө ямар өнгөөр тодорхойлох вэ?
Миний хувьд чиний саяны хэлдгээр хүн хараад л ядраад байхаар тийм өнгийг цагаан, харин эрч хүчтэй бөгөөд гэгээлэг өнгийг хар гэж хэлмээр байна. Иймээс би өөрийгөө хар өнгө гэж боддог.

Яагаад?
Миний хувьд хар өнгийг маш найрсаг, ардчилсан, эрч хүчтэй өнгө гэж үздэг. Хар өнгө бүх өнгөнд дэвсгэр болж чаддаг. Жишээ нь хар өмдөн дээр цагаан цамц, эсвэл ягаан өмдөн дээр хар цамц өмсвөл хар өнгө маань нөгөө өнгөө шууд өргөж ирдэг. Гэтэл бусад өнгөний хувьд тийм биш, ягаан өмдөн дээр шар цамц өмсвөл нэг л нэлийсэн юм харагддаг шүү дээ. Гэтэл хар өнгө бол “чи шүү” гэж гаргаж өгдөг. Хар өнгө маань бүх өнгөтэй зохицдог хэрнээ өөрөө огт дарагддаггүй. Жишээ нь цагаан будган дээр жижигхэн хар толбо дусаахад л саарал өнгөтэй болдог, тэгвэл хар будган дээр хичнээн ч цагаан будаг нэмсэн ч хараараа л байдаг, мөд цайрдаггүй. Хар өнгө бол маш хүчирхэг, хүчтэй өнгө. Би өөрөө ч хар өнгийн хувцас өмсөх дуртай.

Тэгэхээр өнөөдөр Монголд амьдрал бараан байна, хар өнгөтэй байна гэж ярьж болохгүй байх нь. Өнөөгийн Монголын өнгийг аль нэг өнгөөр тодорхойлъё гэвэл?
Би өнөөдрийн амьдралыг бараан байна гэж боддоггүй. Мэдээж шилжилтийн үеийг бэрхшээлгүйгээр давна гэж байхгүй. Бид нэг тийм шилжилтийн зурвас дээр байгаа гэж боддог. Энэ хэсэгхэн үеийг давах, тэвчих, зөв голдрилд орох нь чухал. Өвөл болж цас ороод л, хавар болж модод ногоороод л.. Би өнөөгийн амьдралыг нэг тийм даарсан, өвөл байна гэж дүрсэлмээргүй байна, хавар болж байна шүү дээ, найдвар байна. Бид дэлхийн эрчим хүчний төвд байдаг тул бидний амьдрал дандаа ийм байхгүй. Хүн бүр л болохоо байлаа гэдэг, буруугаар боддог, ярьдаг. “Сайн явах санааных, сайхан төрөх заяаных” гэдэг үг байдаг шүү дээ. Сайн юм бодож байж л эрчим хүчээ зөв болгож, зөв явна. “Амны билгээс ашдын билэг” гэдэг үг ч байдаг. Иймээс хэсэгхэн үеэс болж Монголын өнөөгийн амьдралыг бараан өнгөтэй гэж хэлж болохгүй.

Тэгвэл тэр шилжилтийн зурвас маань ямар өнгөтэй вэ?
Тэр зурвас бол маш олон өнгөтэй, үүнийг нэг өнгөөр төлөөлүүлэх нь маш өрөөсгөл. Тал талаас нь харахад маш олон өнгөтэй. Эдгээр өнгийг олж харах нь чухал, хардаг, харж чаддаг байх хэрэгтэй.

Өнгөтэй холбоотой бас нэгэн асуулт асууя. Бидний хүрээлэн буй орчны зарим зүйлс шууд өнгөөр илэрхийлэгддэг, нэг тийм мэдрэмж буудаг гэх үү дээ. Жишээ нь өвөл гэхээр цагаан, тэнгэр, далай, усыг хөх цэнхэр өнгөөр, нарыг шараар, байгалийг ногоон өнгөөр гэх мэт. Тэгвэл компьютер, мэдээллийн технологийг ямар өнгөөр харж болох вэ? Таны нүдээр харвал...
Бас л олон өнгөөр харна. Ер нь ямар ч юм их олон өнгөтэй байдаг. Олон талаас нь харах хэрэгтэй.

Яг энэ асуултыг би өөр хүмүүсээс асууж байсан юм. Нэг хүний хариулт одоо болтол санаанаас гардаггүй. Компьютерийг өнгөөр илэрхийл гэвэл гадаад байдлаараа хүмүүст шууд буудаг өнгө нь саарал. Мөн чанарыг нь авч үзвэл хязгааргүй гэж хэлж билээ.
Тийм ээ. Надад их л олон өнгө харагдаж байна. Компьютер, интернэтээс бид төрөл бүрийн мэдээлэл авдаг, иймээс ганцхан саарал өнгөөр илэрхийлж болохгүй, илэрхийлэгдэхгүй зүйл. Гадаад өнгө, будсан будгаар нь харж болохгүй.

Компьютер, техник хэрэгсэл, гар утас бүгд л нэг тийм хэвшмэл загварт баригдсан. Хэрвээ танд компьютерээ бусдаас этгээд, содон болгох хүсэлт тавибал та юу гэж зөвлөх вэ?
Компьютерийн гадаад үзэмжийн хувьд наад зах нь будаад өөрчилж болно. Яг л урлангийн маань телевизор шиг. Очиж үзээрэй. Чамайг хүсвэл компьютерийг чинь уйтгартай, саарал өнгөнөөс нь салгаад өгч болно.

Интернэтийн боломж улам ихэсч, бодит хэрэглээ бий болж байна. Интернэтэд өөрийн бие даасан байнгын үзэсгэлэн, нэрийн дэлгүүр ажиллуулах төлөвлөгөө бий юу?
Үзэсгэлэнгийн хувьд байж болно. Харин дэлгүүрийн хувьд одоогоор бодож төлөвлөсөн зүйл байхгүй.

Миний бодлоор уран бүтээлийг борлуулна гэдэг нь нэг бүтээлийг хэд дахин хуулбарлана гэсэн үг. Ийм бүтээлд түүнийг туурвих агшинд уран бүтээлчид төрж байсан санаа, мэдрэмж байхгүй болох байх. Уран бүтээлийн давтагдашгүй шинж гэх үү дээ?
Тийм ээ. Санал нэг байна.

Гэтэл асуудлыг нөгөө талаас нь харвал тухайн уран бүтээлчийн зургийг авах хүсэлтэй хүмүүст боломж олгох хэрэгтэй ч юм шиг. Цорын ганц бүтээлийг хэн нэгэн нь худалдан авна, эсвэл үзэсгэлэнд тавигдана. Гэтэл түүнийг харж нүд сэтгэлээ баясгах, худалдан авахыг хүсч байгаа хүн олон байгаа...
Ер нь тийм л дээ. Би 2000 орчим зураг зурсан. Тэдгээрээс гарын арван хуруунд багтах тооны зураг л монголчуудад, бусад нь гадагш гарчихаж. Өнөөдөр бид мөнгө хэрэгтэй болоод л уран бүтээлч хүний хувьд бүтээлээ гадныханд зарж байна. Монголчууд маань үүнийг сөхөөрөх завгүй яваа. Хожим бид Монголын орчин үеийн урлаг, түүний төлөөлөл гэж ярих үед гаднаас өөрсдийнхөө бүтээлийг худалдаж авах асуудал гарах вий гэж боддог. Уран бүтээлчид өөрсдийнхөө бүтээлийг эргээд худалдаж авах тохиолдол урлагт их байдаг юм билээ.Би ер нь бүтээлүүдээ Монголдоо үлдээхсэн, үлдээх хэрэгтэй гэж их боддог. Монголчууддаа бүтээлүүдээ маш хямд, гадныханд тэндхийн ханшаар нь л өгдөг.

Гадныханд бүтээлээ өгчихөөд харамсах сэтгэл төрдөг үү?
Харамсаад байдаггүй, урлаг ойлгодог, мэдэрдэг хүнд өгсөндөө баярладаг.

Та бүтээлийнхээ цуглуулга, тэмдэглэлийг яаж авч үлддэг вэ? Зурагжуулах, дүрсжүүлэх гэх мэтээр.
Сүүлийн 4-5 жилд л авч үлдэж байгаа даа. Ная, ерээд оны үед авч үлдсэн юм байхгүй. Тэр үед өнөөгийнх шиг дижитал аппарат, компьютер гээд л боломж ч байсангүй. Дээр нь залуу байлаа, омголон ч явж. Үүнийг би хэдийг л бол хэдийг дор нь хийж чадна гэж боддог байлаа. Тэгээд л зарахыг нь зараад, хүнд бэлэглэхийг нь бэлэглэдэг байж дээ.

Зарим бүтээлийнхээ ядаж л зургийг нь ч авч үлдээгүй гэхээр харамсалтай л юм даа.
Тийм ээ. Найзууд, мэргэжил нэгт нөхөд маань чиний тийм зураг тэнд байна лээ, таны ийм зураг манайд байна гээд л гадныхнаас и-мэйл ирдэг. Үнэндээ хэн, ямар зургийг маань аваад, хаана байрлуулсныг нь мэддэггүй.

Та дэлхийн олон оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан хүн. Гадаад орнуудаар явж байхад тань “энэ яагаад Монголд байдаггүй юм бол?” гэсэн бодол төрүүлэх мэдээллийн технологийн дэвшил мэдрэгдэж байв уу?
Анхандаа үүнийг нэвтрүүлчих юмсан, “манайх ингэчихээсэй”, ийм болчихвол зүгээр юм гээд л байнга боддог байлаа. Одоо бол тэгж нэг их бодохоо больсон.

Та байнга л шинийг сэдэж, эрэлхийлж явдаг хэрнээ бас нэг тийм нууцлаг хүн шиг санагддаг. Миний мэдэхийн “Сентиз арт” анатоми шоу гэсэн урлагийн нэгэн шинэ төрлийг монголчууддаа таниулсан. Энэ шоуг хүмүүс хэр хүлээж авав?
Хүмүүс маш шоктой хүлээж авсан. Энэ бол орчин үеийн урлагийн нэг төрөл. Бид дэлхий даяарчлагдаж байна гэж их ярьдаг. Энэ даяаршилтай уялдан урлаг маань өөрөө улам даяарчлагдах болсон. Зураач хүн гэхэд л зөвхөн зургаа зураад байх нь учир дутагдалтай болж байгаа юм. Надад байгаа энэ их ертөнцийг зөвхөн зургаар илэрхийлэх, нээхэд хангалтгүй, боломжгүй санагдаж байна л даа. Хөдөлгөөн оруулж, дүрсжүүлмээр, бас дуу хуур оруулмаар байдаг. Ер нь хүний сэтгэлд төрөл бүрийн хязгааргүй санаа, мэдрэмж төрдөг. Иймээс энэ бүхнийг илэрхийлэхэд би ганцаараа бус, бусад уран бүтээлчдийн хамтын ажиллагаа чухал. Миний бодож буй хөдөлгөөнийг бүжигчин гаргах, санааг маань наад зах нь тайз засал, гэрэл чимэглэлээр илэрхийлнэ гэсэн үг. Ингэхээр урлагийн 10 гаруй төрлийг багтаах шаардлагатай болж байгаа юм. Бүх урлагийг хольж, нэгтгэнэ гэсэн үг. Нүдээрээ хараад, чихээрээ сонсоод, сэтгэлээрээ мэдрээд л, 5 мэдрэмжээ зэрэг ажиллуулах боломжийг олгосон. Зарим хүмүүс “бөөндөж” байна гэсэн. Үнэхээр нэг талаас нь харвал “бөөндөж” байгаа л даа. Жишээ нь ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дуу гэхэд л нэгэн зэрэг, нэгэн агшинд урлагийн 3-4 төрлөөр илэрхийлэгдсэн нь үзэгчдэд маш өвөрмөц сэтгэгдэл, олон талын оюун санааны мэдрэмжийг төрүүлсэн. Бүсгүй хүнийг таван мэдрэмжээрээ мэдэрсэн тэр мэдрэхүйг гаргахын тулд энэ дууг дандаа эмэгтэй хүн дуулдаг. Тэгэхээр энэ дууг эрэгтэй хүн дуулбал илүү онцлог, хүмүүсийн хүлээн авах нь огт өөр. Иймээс энэ дууг гавьяат жүжигчин Сосорбарамаар дуулуулсан. Үнэхээр гайхалтай сайхан дуулсан. Ард нь уран нугараачдаар эмэгтэй хүний бие, хөдөлгөөнийг гаргаж, хийлийн эгшиг оруулсан.

Сентиз арт шоугаараа урлагийн шинэ төрлийг монголчууддаа таниулахыг зорив уу, эсвэл өөрийнхөө бодол санаа, мэдрэмж, дотоод ертөнцийг нээхийг зорив уу? Шоуны тань гол зорилго юу вэ?
Монголчууддаа урлагийн ийм шинэ төрөл байдаг гэдгийг таниулах нь шоуны маань гол зорилго байсан. Манайхан үүнийг мэддэггүй, энэ талаар ярихаар хүмүүс хүлээж авдаггүй байсан л даа. Гадныханд бол шинэ зүйл биш. Ихэвчлэн багийн зохион байгуулалтаар синтез дээр урлагийг бүтээдэг. Манайхны хувьд багаараа ажиллах чадвар харьцангуй муу. Иймээс багаараа ажиллах арга, туршлага хуримтлуулах, шинэ урлагийн төрлийг монголчууддаа бага ч гэсэн бодитоор үзүүлэх, синтезээр дамжуулан өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэх, өөртөө, орчлон ертөнц, байгаль, нийгэм гээд маш олон зүйлд хандаж буй өөрийнхөө хандлагууд гээд маш олон зүйлийг гаргахыг зорьсон. Товчоор маш олон зүйлийг нэг дор гаргах.

Энэ шоугаар та өөрийн санаа, мэдрэмжийг бусад уран бүтээлчдээр дамжуулан илэрхийлсэн. Уран бүтээлчид өөрийн тань санааг гаргаж чадсан уу?
Мэдээж яг 100 хувь гаргаж чадахгүй шүү дээ.

Тэгвэл хэдэн хувь бэ?

80 хувь. Санасныг бодоход сайн болсон. Энэ нь залуу уран бүтээлчдийг ихээр оролцуулсантай холбоотой болов уу. Залуучууд бол эрч хүчтэй, шинэлэг.

Бас нэгэн хэв маягт баригдахгүй...
Тийм шүү. Залуучуудтай ажиллахад урамтай байдаг. Би залуу уран бүтээлчидтэй ажиллах, тэднийг дэмжих сонирхолтой. Залуу уран бүтээлчдийн хувьд шинэ гарч буй урлагийн төрөлд оролцох нь том боломж. Шоунд маань морин хуурын дөрвөл маш өвөрмөц бөгөөд чөлөөт байдлаар морин хуураа яг л гитар тоглож байгаа юм шиг тоглосон. Тэд өмнө нь рок хувцастай, тайзны асар их эрх чөлөөтэйгөөр сонин аялгууг тоглож байгаагүй. Тоглолтын явцад гар утсаар ярьж, ус уух зэргээр маш чөлөөтэй байсан нь үзэгчдийн нүдэнд их содон туссан. Энэ нь байнга үндэсний хувцастай голдуу ардын аялгууг тоглодог хүмүүсийн хувьд нэг тийм чөлөөт ертөнцөд амьдралыг, урлагийг өөрөөр харах боломжийг олгосон явдал. Энэ мэтчлэн залуучуудад хэрэгтэй зүйл болсон гэж боддог.

Дээрх шоуны талаар сонин, хэвлэлээр цацагдсан нэгэн өгүүлбэрийн талаар өөрөөс тань асууя гэж бодлоо. Үүнийг сонины өнгөрсөн дугааруудаас шүүж авсан юм. Энэ нь юу вэ гэхээр “С.Саранцацралт энэ удаа сэтгэлийг эрхтэн хэмээн авч үзээд анотомийн задаргаа хийх гэнэ. Сэтгэл гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй атал гэрлийн хурдаар хэмжигддэг, боломж нь хязгааргүй хэрнээ мөнхөд өөрчлөгдөж байдаг” гэсэн байсан. Миний бодлоор энэ хэдэн үгс таны хязгааргүй, нууцлаг, өвөрмөц дотоод ертөнцийг илэрхийлэн хэлсэн сэтгүүлч, сурвалжлагчдын үг биш, чухамхүү таны л өөрийгөө илэрхийлж гаргасан үг шиг санагдсан?
Тийм ээ. Энэ бол миний үг.

“Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол сонсох уран зураг” гэдэгчлэн Та Монголын томоохон гэгдэх 24 найрагчийн шүлгийг зургаар амилуулсан. Түүн дээрх шүлгийг уншаад зургийг харахад их л өвөрмөц санагдсан. Д.Батбаярын ‘Салхи’ шүлэг гээд л. Ийм санаа хэрхэн төрөв?
Би нэлээд хэдэн жил уран бүтээлээс, уран бүтээлийг төрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Жишээ нь бид нэг ном уншихад нэг сэтгэгдэл төрдөг, гэвч түүнийгээ удалгүй орхидог. Миний ажил бол чухамхүү тэр сэтгэгдлийг эргүүлж уран бүтээл болгох туршилт. Энэ чиглэлээр Дашням гуай, Туяа эгч (Оройтсон бороог зохиосон) нарын хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Сүүлийн 3 үзэсгэлэн, “Өлмийгөө өргө дөө, цэцэг ургая гэнэ” ном, синтез арт шоу маань үүнтэй холбоотой юм. Жишээ нь Өлзийтөгсийн хайрын тухай шүлэг. Өлзийтөгс өөрөө хайрын тухай өгүүлж байхад би түүнийг нь уншихад надад арай өөр сэтгэгдэл төрнө, түүнийг л буцаагаад уран зураг болгоод гаргах юм.

Гайхалтай. Тууж, үргэлжилсэн үгийн зохиол, жүжиг зэргийг зургаар илэрхийлдэг. Шүлгийг илэрхийлнэ, илэрхийлж чадна гэхээр...
Тийм ээ. Маш сайхан. Хорин яруу найрагчийн бүтээл дээр ажиллахад би өөрөө 20 янзаар хувирсан. Жишээлбэл, Галсансүхийн аймаар шүлгүүдийн хувьд дотор нь ороод “дээш доош” болж байхад, Мэнд-Ооёогийн шүлэгт цул мөртлөө нэг тийм жижигхэн жижигхэн юмнууд яваад л, гэтэл Хулангийн хайрын шүлэг дээр эргээд өөрийгөө задлах хэрэг гардаг. Бас Дашням гуайн философийн хүнд шүлэг бөөн юм бодогдуулаад л... Энэ бүтээлээ жил 6 сар хийсэн. Энэ хугацаанд тийм олон янзаар өөрийнхөө сэтгэлийг хувиргаж, хөдөлгөж, нэг тийм сэтгэхүйн давалгаануудад шидэгдээд л, туугдаад л... Их л сонин байдаг юм билээ.

Таныг ингээд ярихаар атаархал төрж байна. Өөрийн тань эргэн тойрон тэр чигтээ урлаг. Ингэхэд одоогийн залуусын урлагийн мэдрэмж хэр байна?
Янз бүр дээ. Анх уран бүтээлээ хийж байсан үетэй харьцуулахад маш өөр болсон, хүмүүс урлагийг ойлгодог, мэдэрдэг болсон санагддаг.

Хүмүүст урлагийн боловсрол хэрэгтэй, багаас нь олгох нь чухал гэж би боддог.
Тэгэлгүй яахав ээ. Бүгд л зохих хэмжээнд зурж чаддаг, хөгжим тоглодог байх хэрэгтэй. Жишээлбэл, Европт дунд сургуулийн хүүхдүүд бүгд л хоолой тавилттай байдаг бол манайд урлагийн сургуульд л энэ асуудал яригддаг.

Бид мэдээллийн зуунд, асар их мэдээлэл дунд амьдарч байна. Үнэн худал, баталгаатай баталгаагүй, хэрэгтэй хэрэггүй, сайн муу гээд л энэ их замбараагүй, толгой эргэм их мэдээллээс нэгэн бодлын зугтаамаар ч юм шиг. Танд тэгж санагддаг үе бий юу?
Үгүй ээ. Надад тэгж санагддаггүй. Энэ их мэдээлэл дунд зохицон амьдарч, хэрэгцээт мэдээллээ сонгох хэрэгтэй болов уу. (утас нь дуугарав).

Олны танил хүмүүс утасны дугаараа их сольдог. Таны хувьд?

Үгүй ээ. Би сольдоггүй.

Мэдээж уран бүтээлч хүний хувьд хийсэн бүтээл бүр нь үр хүүхдийн нэгэн адил маш чухал. Та өөрийнхөө ямар бүтээлд хамгаас илүү хайртай вэ? Хамгийн сэтгэлд тань хүрсэн нь гэх үү дээ?
Бүх бүтээлдээ хайртай. Ямар ч бүтээл хийхдээ эхнээс нь авахуулаад бүх л зүрх сэтгэлээ зориулдаг. Би “хамгийн” гэдэг үгэнд дургүй. Ер нь ямар ч юманд мөн чанартаа “хамгийн” гэдэг юм байдаггүй. Бид өөрсдөө зохиогоод л “хамгийн” гэж яриад байдаг.

Онгод ордог гэж ярьдаг. Энэ талаар?
Онгод ордог. Юм бодох, ном унших, хүнтэй ярилцах гээд л, ер нь хүнд нэг тийм сэтгэгдэл төрдөг шүү дээ. Тэгэхэд л нэг зургийн санаа төрдөг. Их сонин шүү, сандраад л...

Та өдөр бүр зургаа зурдаг уу?
Тийм ээ өдөр бүр зурдаг.

Жишээ нь өнөөдөр?
Зочид буудлын захиалгаар 10 метр урттай зураг зурж байгаа. Дан цэцэг. Өглөө түүнийгээ зурж байтал Урлагийн зөвлөл дээр ажил гарсан.

Ойрын үед та уран бүтээлийн үзэсгэлэн гаргах уу?
10 сард гаргах байх.

За ингээд ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч, өөрийн уран бүтээл хийгээд мэдээллийн технологийн чиглэлээр ярилцсанд тань нийт уншигчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Баярлалаа.

1 Comments:

  • Одоо техник хөгжөөд номын чимэглэл, шог зураг, график зургуудыг шууд компьютер дээр зурдаг болж. Гэвч Саранцацралтын хэлдгээр хичнээн хүчирхэг чадалтай техник байгаад гараар урласныг хэзээ ч гүйцэхгүй гэдэгтэй би санал нэг байдаг. Гараар урласандаа л бас үнэ цэнэ нь байдаг.

    By Blogger A.Амарсайхан, at 7:39 PM  

Post a Comment

<< Home